Ангилал: Зөвлөгөө
...Бид ядуу болохоороо гэртээ ганцxан ТВ-тэй. Чөлөөт цагаараа гэр бүлээрээ хамтдаа сууж сонирхолтой нэвтрүүлэг болон кино үзэцгээдэг. Томчууд бид өөрсдийн хүссэн нэвтрүүлэгээ хүүхдүүдтэйгээ хамтад сууж үзэхэд санаа зовж нүүр улайх зүйл зөндөө л гарна. Дэлгэцэн дээр залуу хосууд үнсэлдэх, үүлэн борооны үйлдлийг үзүүлэхэд нүүр улайн, дэмий л дороо хавчигнан, хоолойгоо засч хажуу тийшээ харах. Овсгоотой зарим нь сувгаа сольж, арай учир мэдэх нэг нь учир мэдэхгүй дүүгийнхээ нүдийг дарж амжина. Нүдийг нь дарлаа гээд ухаан болон мэдрэмжийг нь дарж амжих биш...
Өнөөгийн хүүхдүүд цаг үеэ дагаад, биднээс илүү их мэдээлэл авч, биднээс хурдан сэтгэж, биднээс илүү хөгжиж байгааг мэдрэх бүрдээ гайхан бахархаж, бас битүүхэн түгшдэг. Хүүхдээ өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ байлгах гэсэн муйхар оролдлого, өөрөө уншиж, суралцаж мэдээлэл авч чадахгүй байгаа "хоцрогдол" өнөө цагийн хүүхэд эцэг эхчүүдийн харилцаанд ихээхэн зөрчил үүсгэдэг.
Хүүхэдтэйгээ хамт хөгжиж, ойлголцож чадахгүй нөхцөлд "хүүхдийн хүмүүжил" гэгч ямар хүнд хэцүү зүйл болох тухай гомдоллож, эсвэл хүүхдээ муйхарлан дарамталж, үгүй бол зөнгөөр нь орхих тохиолдлууд зөндөө л бий. Харин хүүхдээ өсч хөгжих мөчүүдэд хамтдаа хөгжиж, бие биедээ тусалж байх олон боломжуудыг бид ашиглаж чаддаггүй. Энд л бидний гол алдаа байгаа юм даа.
Өнөөгийн Монгол хүүхдүүд
...Өнөөдөр хүн болгон Монголд амьдрал хэцүү байгаа тухай ярьцгааж, бас санаа зовж буй. Хоногийн хоолоо олж ядаж байж, юун хүүхдэдээ санаа тавихтай манатай гэж үгэлцгээнэ. Мөнгө олох гэж өдөр шөнөгүй зүтгэж хөдөлмөрлөхдөө үр хүүхдээ ч анзаарах зав үгүй. Хүүхдүүдийн зөв сайнаар өсч хөгжихөд нь хэрэг болох "оюуны талх" -ыг нь булааж авасан Монголын төр бүр ч санаа тавихаа больжээ. Ийм нөхцөлд монголын хүүхдүүд маань бор зүрхээрээ өсч өндийж, өөрөө хүмүүжиж, хөгжиж байна даа.
-Нэгэн цагт "Элдэв-Өчирын нэрэмжит хүүхдийн кино театр" гэж байсныг хүүхдүүдээс булаан авч "Хөрөнгийн бирж" байгуулан үнэт цаасны худалдаа арилжаа хийдэг газар болгосон. Хүүхдэд зориулсан кинотеатр хэвээрээ байсан бол, хаягийг нь хараад ч болов хүүхдийн кино хийх хүсэл уран бүтээлчдэд төрөх шүү дээ.
-Нэгэн цагт "Хүүхэд залуучуудын театр" гэж мундаг уран бүтээлчидтэй, шинэ барилгатай байгууллага байсан. Нямгаваа найруулагч, жүжигчин Ц.Төмөрбаатар нар маргалдан мэтгэлцэж, зөрчилдөн тэмцэлдээд тусыг эс олж, барилга нь бусдад худалдагджээ. Барилгыг худалдаж олсон мөнгөөрөө Нямгаваа гэгч эрхэм өнөөдөр АНУ-д "Холливуд" мөрөөдөөд л амьдарч байна.
-Нэгэн цагт "Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн" гэж байв. Шинэчлэх нэрээр хааж орхиод олон жилийн нүүр үзэж буй. Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай энэ газрын тал талаас нь авилгалчид хулгайлж, цэнгээний газрууд байгуулж амжсан гэнэ. Удахгүй нээгдэх сурагтай. Энэ олон жилийн хугацаанд олигархууд хэдэнтээ мөнгө угааж амжсаныг бид нотолж чадахгүй.
-Нэгэн цагт Нацагдоржийн нэрэмжит "Хүүхдийн номын сан" гэж байв. Одоо чухам хаана, хэний мэдэлд юу болж хувирсныг мэдэх, сонирхох ч хүн үгүй болж дээ.
-Нэгэн цагт "Хүүхдийн ордон" гэж бум бужигнаж, түм түжигнэсэн газар байв. Харин өнөө үед энэ ордон байгаа хэдий ч зах зээлийн жамаараа мөнгөтэй айлын хүүхдүүдийг сургаж хөгжүүлдэг болсон гэх. Хааяадаа зохион байгуулж буй ажил нь улстөржсөн, эсвэл "сульдсан морь "аятай нэг л үлбэгэрдүү. Хүүхдүүдийн цангинасан дуу, цог золбоо нэг л мэдрэгдэхгүй.
За тэгээд хүүхдүүдэд зориулсан "Хүүхэлдэйн театр" нь мөнөөх л Драмын театрын бөөрөндөө "амьсгалах" төдий. Сургууль эмнэлэг бусад олон газрууд нь хөрөнгө мөнгөний гачаалаас "чөдөртэй морь " шиг дэвхцэх төдий.
Харин ч ийм хүнд хэцүү нөхцөлд "хөрвийн арга"-аар өсч өндийж буй гэхэд Монголын хүүхдүүд даанч мундаг даа. Саяхан нилээдгүй хугацаагаар УБТВ-ээр явагдсан "Universe Best Song s" уралдаант нэвтрүүлэгийг үзээд үнэхээр гайхан биширч, дуу алдмаар. Энэ зөвхөн нэг хэсэг нь гээд бодохоор монголын хүүхэд залуусын авьяас чадвар, хөгжил дэвшил төр засгаас нэг их хамааралгүй урагшилж байна. Хэрэв хүүхдүүдэд зориулсан кинотеатр, театр, номын сан, ордон, цэцэрлэгт хүрээлэн, мэдээлэл сургалтын мундаг төвүүд нь байсан бол үүнээс ч мундаг байхсан гэж бодохоор харамсмаар. Гэхдээ илүү сайхан цаг айсуй.
Хүүхдийн нэвтрүүлэг
...Чикагод гэр бүлээрээ ажилладаг миний нэгэн шавь надтай уулзахдаа бяцxан охиноо дагуулж ирсэн юм. АНУ-ын ТВ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн гол баатар Дора охины зурагтай бүх л зүйлээр гоёсон охины тухай бид нилээд өхөөрдөн, хөгжилдөн байж хүүрнэлээ. Аав ээж нь ажил ихтэй, зав муутай болохоор тэр болгон тавьж чадахгүй байгаа анхаарал, сургах зүйлийг хүүхдэд зориулсан ТВ нэвтрүүлгийн хүүхдийн сувгууд өгч чаддаг гэнэ.
Дора охиноор дамжуулаад л хүүхдүүд шүдээ яаж угаах тухай, бас эмнэлэгт хэдийд очиж юу үзүүлэх тухай, дэлгүүрт очвол өөртөө ямар хувцас тохируулан худалдан авч болох тухай, тэр ч бүү хэл хэл яриа болон гадаад хэлний талаар ч үзүүлдэг аж. Ер нь тухайн насны хүүхдэд хэрэгтэй, эцэг эх нь тэр болгон хэлж сургаж амждаггүй олон зүйлийг хүүхдэд зааж сургадаг болохоор энэ нэвтрүүлэгийг үзэхгүй байхын аргагүй.
Мэдээж Дора охины дагаж дуурайх болсон охин нь дэлгүүрт ороод л Дора охины зурагтай, өөрийн хүссэн зүйлээ худалдан авахыг хүсдэг. Нэгэнт л Дора охин, аав ээжид нь багагүй тус болж буй болохоор охиндоо худалдан авч өгөхөөс өөр арга үгүй. Бас ч бизнесийн нилээд нарийн ухаан, арилжааны арга зүй явж байдаг тухай хошигнон ярьж байлаа.
...Европоос надад хандаж бичсэн монгол бүсгүй захидалдаа, Монголд гарч буй хүүхдийн нэвтрүүлэгийн талаар ихэд санаа зовж байгаа тухайгаа өгүүлсэн байсан. Нээрээ л ажиглах ахул Монголын ТВ-үүдээр хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн цаг маш бага байлаа. Өдөрт зарим ТВ-үүд ердөө л 30 минутаас 1 цаг орчим. Мэдээж хүүхэлдэйн кино, бага зэргийн цэнгээнт нэвтрүүлэг. Энэ үнэхээр чамлалттай санагдаж байна. Зарим ТВ-үүд энэ талаар алхам хийхийг зорьж байгаа ч эрх мэдэлтнүүдийн дэмжлэг дутаж байгаа. "Боловсрол" TВ ийм хандлагыг барьж байгаа ч мөнгө хөөсөн арилжааны ТВ-үүдийн сүүдэр дор хөлөө олж чадахгүй байгаа.
Монголын ТВ-үүдээр ихэвчлэн гардаг амар хялбар шоу бүтээлүүд, арилжааны чиглэлийн олон ангит кинонууд монгол хүүхдүүдэд сайнаар нөлөөлж буй гэдэгт итгэхэд хэцүү. Нэг л мэдэхэд томчуудын төрхөөр хувцаслаж, томчуудын яриагаар ярьж, томчууд шиг сэтгэх балчир хүүхдээ хараад өрөвдөж зэмлэх ч, өхөөрдөж хайрлах ч хэцүү болох вий.
...Өндөр хөгжилтэй орнуудын ТВ-үүд хүүхдэд зориулсан тусгай сувгуудтай. Тэр ч бүү хэл хүүхдийн нас насанд тохирсон хөтөлбөрүүдээрээ өөр хоорондоо ч ялгаатай. Нэвтрүүлэг болгон нь өөрсдийн баатруудтай. Түүгээрээ дамжуулан хүүхдэд сайн зүйл сургаж, сайнаар нөлөөлөхөд гол анхаарлаа хандуулдаг. Мэдээж хүүхэд бол тухай орны ирээдүй учраас тэднийг зөв сайнаар хүмүүжүүлж хөгжүүлэх нь зөвхөн эцэг эхийн үүрэг төдийгүй тухайн төрийн эрхэм үүрэг. Ямар ч төр хожим өсч том болоод хулгай хийгээд, хүн дарамтлаад байдаггүй, хууль дүрмийг ягштал сахидаг иргэдтэй байхыг хүснэ. Тийм болохоор төр болон эцэг эх нь бие биенээ харилцан дэмжиж байна гэсэн үг.
Хүүхэд төдийгүй эцэг эхчүүд ч хүртэл энэ сувгуудыг үзэж, хөтөлбөрийг нь ойлгож мэдэж байх нь хүүхэдтэйгээ ярилцаж ойлголцож байх хамгийн дөт арга байж болох.
Мөн оройн 9 цагаас хойш хүүхдэд зориулсан ямар нэвтрүүлэг гардаггүй нь бас л нэг бодлого.
Өнөө цагт ТВ нэвтрүүлгүүд хүмүүсийн сэтгэхүй, боловсрол мэдлэг, хүмүүжил хөгжилд нөлөөлөх хүчтэй "зэвсэг" болж хувирчээ. Нэгэн цагт "Бүх урлагийн дотроос бидэнд хамгийн чухал нь кино" хэмээн В.И.Лениний хэлж байсан уриалга өнөө цагт ТВ нэвтрүүлэгийн өчүүхэн хэсэг нь болон хөгжиж буй. Энэ хүчтэй зэвсгийг өөрийн хүсэл сонирхолдоо ашиглахын тулд, мөнгө эрх мэдлээр ТВ-байгуулж буй олон хүмүүс бий. Цаашид ч буурахгүй байх. Харин энэ боломжийг ашиглан хүүхдийн нэвтрүүлгийн талаар дорвитой алхам өөрчлөлт хийж болох юм.
1.Монголын бүх ТВ сувгуудад зөвшөөрөл олгохдоо , хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлэг, нэвтрүүлэгийн нийт цагийн 30% -иас багагүй байхаар хуульчилж өгөх хэрэгтэй байна. Энэ тохиолдолд хүссэн хүсээгүй ТВ студи болгон өөрийн гэсэн хүүхдийн нэвтрүүлэгийн баг бүрдүүлэх болно.
2. Зөвхөн хүүхдийн нэвтрүүлэг явуулах суваг байгуулахыг илүү хөнгөлөлттэй нөхцлөөр дэмжих хэрэгтэй байна. Энэ суваг нь хүүхдийн нас насны онцлогт тохирсон хөтөлбөртэй, бас монгол үндэсний баатруудтай байж болох шүү дээ. Өнөө эс гэхэд маргааш өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрч чадах л болно. Ядаж л бид өндөр хөгжилтэй орнуудаас хэрэгтэй зүйлээ авч дуурайн хэрэглэе дээ.
3. Ийм эхлэлүүд Монголд хүүхдийн болон хүүхэлдэй кино хөгжих үндэс суурь бий болгоно. Ийм мэргэжилтэй авьяастай залуус олноор төрж, монголын түүх, ёс заншил, соёл урлаг, уламжлалын тухай гайхамшигт бүтээлүүдийг хийж чадна. Энэ л монгол хүүхдүүдийг багаас нь үндэсний бахархалтай болон төлөвшихөд их тус болно.
4. Хүүхдийн нэвтрүүлгийн үлгэр жишээ, сайхан сэтгэлтэй үлгэрийн баатрууд араасаа маш олон бизнес, брендийг бий болгоно.Энэ хэрээр зөвхөн Монголд, хүүхдэд зориулсан маш олон үйлдвэрлэл үйлчилгээ, соёл үзвэрийн газрууд бий болно.
5. Энэ бүхнийг хичээж бий болговол аажим аажмаар монгол хүүхдийн төлөөх монгол төрийн цогц бодлого бий болох боломж бүрдэнэ. Өнөөдрийнх шиг хэрэгждэггүй атлаа цаасан дээр байдаг хууль тогтоомжийн оронд, үр хүүхдийнхээ төлөө гэсэн эцэг эх болон олон байгуулалгуудын санаачлага шаардлагаар бодит үр дүнтэй, хэрэгжих магадлалтай бодлого болон хууль бий болно.
Харин энэ бүхнийг ажил хэрэг болгоход ТВ нэвтрүүлэгүүд ихээхэн тус болно доо.
Төгсгөл
Бидний багад Л.Түдэвийн "Хорвоотой танилцсан түүх", Д.Гармаагийн " Хөгжөөнтэй туужууд" номыг уншиж хүсэл мөрөөдлөө болгож байгаагүй хүүхэд ховор доо. Одоо ч миний санаанаас гардаггүй, нүдэнд минь харагдаж байдаг ийм бүтээлүүд өнөө хэр гарсангүй. Томчууд бид өөрсдийгөө их бодоод, үр хүүхдээ бага бодоод байх шиг.
Үргэлж л мөнгө бодож, хурдан баяжих хүсэл, их мөнгөтэй болж байгаад бүхнийг сайн сайхнаар өөрчлөх хоосон мөрөөдлөөр амьдарцгаасаар. "Санаа байвч сачий хүрэхгүй" гэдэгчлэн, цаг гаргаад хүүхдээ дагуулаад аятай өнгөрөөх газар үгүй, зугаалангаа тоглож наадах талбай үгүй, аялж зугаалах аятайхан ч газар үгүй. Томчууд бидэнд ууж идэх, наргиж цэнгэх, тоглож наадах бүх л газар байгаа хэрнээ бидний хүүхэд багачуудад юу ч үгүй. Мөнгөгүй болохоор л юу ч үгүй, бас сэтгэл ч үгүй.
Өөрсдөө ажил амьдралдаа үүртэж, үргэлж бухимдаж явах дор үр хүүхдээ компьютер тоглож, хип хоп үгэлж, гадаад хэлээр хальт мөлт ярих төдийд учиргүй баярлаж бахдаад, өрөөл бусдад гайхуулаад байх. Өнгийж хараад үүний цаана юу байгааг ухаарч мэдэх хүсэл бас арга үгүй. Хурдан хөгжиж, өөрчлөгдөж буй энэ цагийн хурдыг дагаад бидний үр хүүхэд хүртэл хурдан өсч, хурдан том болж , өөрчлөгдөн хөгжиж байгааг хараад гайхацгаадаг. Үнэндээ бид өөрсдөө ч энэ хурдыг гүйцэж чадахгүй болжээ.
Харин энэ хурдыг мэдрэхэд бас гүйцэхэд туслах олон боломжууд буй. Энэ бол хүүхдүүдэд зориулсан ТВ нэвтрүүлгүүд, ном хэвлэл, театр болон үзвэрийн газрууд, тэдэнд зориулсан гайхамшигт бүтээлүүд, үйлчилгээгээ хүүхдэд зориулсан олон газрууд. Өдгөө монголд байхггүй байгаа энэ бүхнийг бий болгох хэрэгтэй байна.
Өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө эвлэлдэн нэгдэж энэ бүхнийг монголын төрөөс шаардах, бас хийж чадах бүхнээ боломжоороо хийж эхлэх хэрэгтэй байна. Оюутолгой, Тавантолгойн баялгууд Монгол орны хөгжилд хэрэгтэй байж болох хэдий ч, монгол хүүхдүүдийн "сайн толгой" танд бидэнд, цаашлаад Монгол орны ирээдүйн хөгжилд илүү их хэрэгтэй болноо. Уул уурхайн баялаг нэгэн цагт дуусахад, бидний үр хүүхдийн оюуны баялаг хэзээ ч дуусахгүй, үе дамжин арвижсаар байх болно. Үүний төлөө л өнөөдөр олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй болж байна даа.